• 1942

    “Увс Хүнс” компаний суурь болох “Идэш тэжээлийн комбинат”-ыг 1942 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд байгуулсан байдаг. Тухайн үед БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 31 дүгээр тогтоолоор орон нутагт хүнсний үйлдвэр байгуулах шийдвэр гарсны нэг биелэл нь энэ байв. Уг комбинат үр тариа, хүнсний ногоо тариалах, мал аж ахуй хөгжүүлэх, гурил, гурилан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн чиглэлтэй байлаа.

  • 1973

    “Идэш тэжээлийн комбинат” өргөжин “Хүнсний комбинат” болов. Гол зорилго нь Увс аймгийн иргэдийг гурил, гурилан бүтээгдэхүүн, сүүр, ундаа, архи зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр хангах явдал байлаа.

  • 1985

    “Хүнсний комбинат”-ын ЗХУ болон эх орны үйлдвэрийн төхөөрөмжөөр тоноглосон талх, нарийн боов, гоймон, архи, ундаа, чацаргана, сүү үйлдвэрлэх цех бүхий шинэ байр ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадал эрс нэмэгдэв.

  • 1990

    Улс оронд өрнөсөн их өөрчлөлт, зах зээлийн шилжилтийн бэрх он жилүүдэд үйлдвэр эдийн засгийн бодит чадамждаа суурилан зогсолтгүй ажилласаар байв. Ингэж хүнд бэрх үеийг сөрөн, үйлдвэрлэлээ эрхэлсээр байсны нууц нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн итгэл найдварыг нэгэнт хүлээсэн үйлдвэрийн нэр хүнд байсан гэдэгт бид итгэдэг.

  • 1992

    Төрийн өмчийн хорооны шийдвэрээр төрийн өмч давамгайлсан нэр хувьцаат компани болов.

  • 1997

    Үйлдвэр “Чиндмэн” нэртэй болов. Тухайн үед үйлдвэр хүчин чадал, борлуулалт, үр ашгийн үзүүлэлтээрээ Увс аймгийн хэмжэээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй цорын ганц үйлдвэрт тооцогдож байсан нь нэг талаар бахархмаар.

  • 1998

    Үйлдвэр “Увс Хүнс” хувьцаат компани болж, бүтэц, зохион байгуулалтаа сайжруулан, орчин үеийн менежментийн арга хэлбэрийг нэвтрүүлэв. Мэргэжлийн 25 ажилтантай болов. Энэ бүхэн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, чанарыг өсгөх нөр их ажлын суурь байлаа.

  • 2007

    “Увс Хүнс” хувьцаат компани “UFC” групп болон өргөжлөө. Бүтээгдэхүүнээ зөвхөн аймгийн хэмжээнд төдийгүй улсын хэмжээнд гаргах, улмаар гадаадын зах зээлд борлуулах их ажил өрнөсөн юм.

  • 2013

    “UFC” группээс хувьцаагаа татаж, дахин “Увс Хүнс” ХК нэрээр үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

  • 2014

    Монгол улсын хэмжээнд анх удаа чацарганы үрийн тос гарган авах тоног төхөөрөмжийг үйлдвэртээ ашиглаж эхэллээ.

  • 2015

    Үйлдвэрийн Чацарганы цехийг өргөтгөн, шинэ тоног төхөөрөмж суурилуулав.

  • 2017

    Зохицуулах үйлчилгээтэй 2-р гурил, хөх тарианы талх, нарийн боов, жигнэмэгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэв.